Монголын геологи, хайгуул олон улсын хурлын тухай

Хайгуулчин сэтгүүл

Монголын үйлдвэрлэлийн геологчид холбооноос санаачлан зохион байгуулсан томоохон ажлын нэг Монголын геологи хайгуул олон улсын чуулга уулзалт билээ. Энэ хурлын гол зорилго нь геологчдын дуу хоолойг төр засаг олон нийтэд хүргэх, тухайн жилийн геологи хайгуулын үр дүнд хэлэлцүүлэх, геологчдын нэр хүндийг өргөх явдал юм. Жил бүрийн хавар 3-р сард хийгдэж байхаар болсон юм. МҮГХ-с санаачласан энэ арга хэмжээ нь жилээс жилд өргөжин тэлж геологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгуулагууд болон геологчид, эрдэмтэд, оюутнуудын хүлээдэг арга хэмжээ болж чадсанд холбооны зүгээс талархан хүлээн авч байна. Хурал дараах байдлаар хийгдэж ирсэн түүхтэй.

МҮГХ УЗ гишүүн Ч.Энх-Амгалан 2004 онд АНУ-ын Невада муж улсын Геологийн Албаны Раундап нэртэй хуралд анх оролцох завшаан тохиолдож улмаар 2005 онд тухайн үед өөрийн ажиллаж байсан Сентерра Гоулд Монголиа компаний хайгуулын төслүүдийн хүрээнд жилийн хайгуулын ажлын үр дүнгээр раундап (Year-end Roundup) зохион явуулж байжээ. Тэр цагаас хойш Монголын геологчдын дунд ийм хурал хийх санааг МҮГХ-ны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, МГХ-ны гүйцэтгэх захирал Б.Болд-Эрдэнэ нар болон бусад хүмүүст хэлэн санал солилцож байсан.

2008 оны 3 сарын 7-ны өдөр ШУТИС-ийн ГГТСургууль дээр зохиогдсон “АМО-ын хайгуул ба нөөцийн ангилалын асуудал” сэдэвт онол практикийн бага хурлын үеэр МҮГХ УЗ Гишүүн М.Очирбат энэ хурлыг жил бүр хийх санаачлага гаргасан.

2008 оны 12 сарын 19-ны өдөр ШУТИС, ГГТС-ийн Ашигт малтмалын салбар дээр хийсэн МҮГХ ба МГХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн хамтарсан уулзалтаар Ч.Энх-Амгалан “Моngolia Mineral Exploration Roundup” буюу “Монголын геологи хайгуул” сэдэвт хурлыг жил бүр явуулах санал дэвшүүлэн хэн, хэзээ, хэрхэн зохион байгуулах, түүний ач холбогдол зэргийг тусгасан илтгэл хэлэлцүүлэн дэмжлэг авч төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил ба салбарын боловсон хүчин бэлтгэдэг сургуулиудын төлөөллийг хамруулсан хурал зохион байгуулах анхны зөвлөл байгуулагдсан билээ.

Энэ цагаас “Mongolia Mineral Exploration Roundup” буюу “MMER” гэсэн англи товчилсон нэртэй, ”Монголын геологи, хайгуул” чуулга уулзалтыг жил бүрийн 3-р сард зохион байгуулж Монгол орны нийт геологчдын дунд тухайн жилд хийсэн геологи хайгуулын ажил, шинэ нээлт, судалгаа шинжилгээний үр дүнг хэлэлцэж цаашдын эрэл хайгуулын ажилдаа шинэ санаа өвөртлөн гардаг уламжлалтай болоод байна. Тус чуулга уулзалтын өмнөх жилүүдийн чуулга уулзалтуудын товч түүх, онцлогуудыг жил бүрээр танилцуулахыг хичээлээ.

  • Нийтлэгдсэн:

    2020-02-06 00:00:00

  • Үзсэн:

    78

    Хуудас: /