“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1.4 дэхь заалтад
“Геомэдээллийн нэгдсэн сан бий болгож, ашигт малтмал, хайгуулын салбарт хөрөнгө
оруулалтын таатай орчныг бий болгох”, “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах
бодлого”-ын 3.2.2.9 дэхь заалтад “Геологи, эрдэс баялгийн судалгааны ажлын тайлан,
үр дүнг олон улсын жишиг, стандартад нийцсэн аргачлал, нөөцийн ангиллын дагуу
нэгтгэн боловсруулж, үндэсний геомэдээллийн нэгдсэн санг иж бүрнээр бүрдүүлэн
баяжуулах”, 3.2.2.10 дахь заалтад “Үндэсний геомэдээллийн нэгдсэн санг цахим
мэдээллийн технологийн системд шилжүүлж, геологи, хайгуулын ажлын тайлан,
анхдагч баримт материал болон дээж, чулуулгийн сорьц хадгалах, архивлах
шинэчилсэн заавар, стандартыг бий болгох”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020
оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.60 дахь заалтад “Үндэсний геомэдээллийн санг
байгуулан, мэдээлэл түгээх үйлчилгээг хялбаршуулна” гэж тус тус заасан зорилтууд
болон “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл”-өөс ирүүлсэн “Үндэсний геомэдээллийн сан
хөтөлбөрийг боловсруулан батлуулах” гэсэн чиглэл нь “Үндэсний геомэдээллийн сан
хөтөлбөр” (цаашид “Хөтөлбөр” гэх)-ийг боловсруулах үндэслэл болж байна.
Эрдэс баялгийн салбарын хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйлийн нэг нь
геологийн мэдээлэл байдаг бөгөөд тэр дундаа тогтмол нэмэлт мэдээллээр баяжигдаж
байгаа геологийн зураг, өсөн нэмэгдэж буй ашигт малтмалын нөөц, хүдэржилт, эрдэм
шинжилгээний байгууллагуудын судалгаа зэргээс гадна хүний эрүүл, аюулгүй орчинд
амьдрах, байгаль орчны тэнцвэрт байдлын мэдээллийг нэгдсэн бодлогоор олон нийтэд
хүртээмжтэй түгээх, мэдээллэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага
өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа
явуулж байгаа аж ахуйн нэгжийг үнэн бодит, найдвартай мэдээллээр хангах, үйл
ажиллагааны эрсдэлийг нь бууруулах, оновчтой арга аргачлал сонгоход нь дэмжлэг
болох, олон нийтэд тухайн салбарыг сурталчилан таниулах, нэгдсэн нэг ойлголттой
болгох, шинэ орд илрэлийн геологийн тогтоц, холбогдох бусад мэдээллийг харьцуулах
боломжоор хангах, тухайн бүсийн хэтийн төлөв, геологийн тогтоцыг бүрэн хэмжээгээр
судлахад дэмжлэг болох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах хэрэгцээт мэдээллээр хангах
боломжийг бүрдүүлэх, цаашлаад эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг олон улсын
жишгийн дагуу хөгжүүлэх явдал юм.
