МҮГХ

Sunday, May 27th

Last update04:45:52 AM

Монголын Үйлдвэрлэлийн Геологчдийн Холбооны Дүрэм

Нэг. Холбооны нэр, оршин байх газар, тодорхойлолт, үүсгэн байгуулсан байдал

1.1. Нэр: Монголын Үйлдвэрлэлийн Геологчдийн Холбоо. /МҮГХ/

Оршин байх газар: МҮГХ-ны удирдах байгууллага Улаанбаатар хотод Монэнергео группын байранд байрлана. Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж 33-р байр 40 тоот:

1.2. “Монголын Үйлдвэрлэлийн Геологчид” холбоо /цаашид Холбоо гэнэ/ нь Монгол Улсын хэмжээнд өмчийн бүх хэлбэрийн геологийн үйлдвэрлэл, шинжлэх ухаан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс, хамт олныг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, тэднийг гишүүнээр баталгаажуулсан, гишүүдддээ үйлчилдэг, тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалсан, тэдгээрт ашигт малтмал, эрдэс баялгийн эрэл, хайгуулын ажлыг боловсронгуй болгох, хөгжүүлэх, шинжлэх ухаан, техникийн дэвшлийг нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг, үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага мөн.

1.3. Монголын Үйлдвэрлэлийн Геологчдийн Холбоог үүсгэн санаачлагчдын анхдугаар хурлаар 2006 оны 12 дүгээр сарын 01-ны өдөр байгуулсан болно.

Хоёр. Холбооны эрх зүйн үндэс

2.1. Холбоо нь үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомж болон энэ дүрэмд нийцүүлэн бие даан явуулна.

2.2. Холбоо нь хуулийн этгээд мөн бөгөөд тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, банкинд харилцах данстай байна. Холбоо нь өөрийн бэлгэдэл, сонин сэтгүүл, интернет хаягтай байна.

2.3. Холбоо нь эрх зүйн харилцаанд бие дааж, өөрийн нэрийн өмнөөс оролцох бөгөөд бусдын өмнө хүлээсэн үүргээ Холбооны хөрөнгөөр хариуцна.

2.4. Холбоо нь өөрийн гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын холбооны үйл ажиллагаатай холбогдолгүй бусад этгээдэд учруулсан хохирол, хариуцлагыг хүлээхгүй.

2.5. МҮГХ нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах бөгөөд мэргэжлийн болон орон нутгийн салбар, хэсгүүдтэй байна.

Гурав. Монголын Үйлдвэрлэлийн Геологчдийн Холбооны зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл

3.1. МҮГХ нь Монгол Улсын ашигт малтмалын нөөц баялгийг нэмэгдүүлэх, өсгөх, тэдгээрийг эрж хайх, нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн төрөл бүрийн судалгаа явуулах, хэтийн төлвийг үнэлэх, геологи хайгуулын ажлыг дэлхийн жишигт хүргэж, дэлхийн зах зээл дээр “МҮГ” холбоо нь Монголын геологийн үндэсний боловсон хүчнийг мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах, хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, эв нэгдлийг хангах, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах.

3.3. МҮГХ нь геологийн салбарын байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжилтнүүдийн гадаад харилцааг хөгжүүлэх, дотоод харилцааг бэхжүүлэх.

3.4. МҮГХ нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн үйлдвэрлэл, судалгааны ажлын нэгдсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцоно.

3.5. МҮГХ нь Монголын геологийн салбарт ажиллагсдыг шинжлэх ухаан, техник, технологийн болон бусад мэдээллээр хангах. 3.6. “МҮГ” холбоо нь гишүүдийнхээ мэргэжлийн түвшинг дээшлүүлж сургалт явуулж сертификатжуулах.

3.7. МҮГХ захиалагч байгууллагын хүсэлтээр мэргэжлийн аудит, экспертизийн ажил хийж гүйцэтгэх.

Дөрөв. Монголын Үйлдвэрлэлийн Геологчдийн Холбооны удирдах байгуууллага

4.1. Холбооны Чуулган. МҮГХ-ны удирдах дээд байгууллага нь МҮГХ-ны гишүүн болох Монгол Улсын нутаг дэвсгэр дээр геологи хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний болон гадаад улсын байгууллага, хамт олон, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг оролцуулсан чуулган байна.

4.1.1. Холбооны Чуулганыг жил тутам зарлан хуралдуулна. Гишүүдийн гуравны нэгээс доошгүй оролцоход чуулганы хуралдаан хүчин төгөлдөр болно. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус Чуулганыг Холбооны гишүүдийн 60 хувь, удирдах зөвлөлийн гишүүдийн 60 хувийн саналаар зарлан хуралдуулж болно. Ерөнхийлөгч, эсхүл гүйцэтгэх захирал Холбооны Чуулганыг хуралдуулахад 14-өөс доошгүй хоногийн өмнө зарлаж зарыг салбар, хэсгүүдэд хүргүүлнэ.

4.1.2. Холбооны чуулган оролцож байгаа гишүүдийн энгийн олонхийн саналаар шийдвэр гаргана. Чуулганд санал өгөх хуудас буюу бичгээр санал өгөх замаар оролцож болно.

4.1.3. Чуулган холбооны үйл ажиллагаатай холбоотой дараах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана. Үүнд:

а/ Холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах,

б/ Холбооны үйл ажиллагааны хэтийн бодлого, зорилтыг тодорхойлох,

в/ Холбооны удирдах зөвлөлийн тайланг хэлэлцэх,

г/ Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх,

д/ Хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх,

4.2. Удирдах зөвлөл. Чуулганы хооронд Холбооны үйл ажиллагааг бүх гишүүдийн хурлаас сонгогдон байгуулагдсан Удирдах зөвлөл удирдана.

4.2.1. Удирдах зөвлөлийг нэр дэвшүүлж санал хураах замаар сонгогдсон 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Холбооны чуулганд Удирдах зөвлөлөөс санал оруулснаар жил бүр Удирдах зөвлөлийн гишүүдийн 30 хүртэл хувийг өөрчлөн сонгоно. Удирдах зөвлөлийн гишүүн нас барсан болон гадаадад нэг жилээс дээш хугацаагаар ажиллаж, амьдрах тохиолдолд Ерөнхийлөгчийн санал оруулснаар Удирдах зөвлөл түүнийг гишүүнээс чөлөөлж болно.

4.2.2. Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг сар тутам хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд Ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгийн саналаар хуралдуулна. Удирдах зөвлөлийн олонхи оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогчдын энгийн олонхийн саналаар хувь хүнтэй холбоотой асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хурааж шийдвэр гаргана. Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал бусад гишүүдийн олонхийн саналаар санал хураалтанд оролцуулахаас татгалзан гаргана. Удирдах зөвлөлийн хуралдаан даргалагч хэлэлцэж байгаа асуудлаар сонирхлын зөрчилтэй байвал дээрх журмаар хуралдаан даргалахаас татгалзан гаргах ба Удирдах зөвлөлийн гишүүдийн хамгийн ахмад нь хуралдааныг даргална. Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга хөтлөх ба хурлаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй асуудалтай холбогдсон тайлбар, шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тусгана.

4.2.3. Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

а/ Холбооны үйл ажиллагааны ойрын зорилт, чиглэлийг тодорхойлно.

б/ Холбооны жилийн төсвийг батлана.

в/ Холбооны хөрөнгийг захиран зарцуулах талаарх гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтооно,

г/ Холбооны ажлын албаны бүтэц, төсвийг батлана,

д/ Гүйцэтгэх захирлыг томилох ба чөлөөлж, тайланг хэлэлцэнэ.

е/ Холбооны үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

4.3. Ерөнхийлөгч. Удирдах зөвлөлийн дарга нь холбооны Ерөнхийлөгч байна. Ерөнхийлөгч МҮГХ-ны эв нэгдлийг хангаж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд МҮГХ–ны дүрэмд заасан зорилго, үндсэн чиглэлийг тодорхой үзэл баримтлал, хөтөлбөртэйгээр хэрэгжүүлэх бөгөөд Холбоог гадаад дотоод харилцаанд төлөөлнө. Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгчийг удирдах зөвлөлийн гишүүд өөрийн гишүүдийн дундаас 4 жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхийлөгчийг хоёроос дээш удаа дахин сонгохгүй.

4.3.1. Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч дараах бүрэн эрхтэй байна. Үүнд:

а/Холбооны дүрэм, чуулганы шийдвэр, үйл ажиллагааны үндсэн зорилт, чиглэл, удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.

б/ Зөвлөлийн хуралдааныг даргалж, удирдах зөвлөлийн ажлын зохион байгуулалт, гишүүдийн ажил, үүргийн чиглэлийг тогтооно.

в/ Холбоог гадаад, дотоод харилцаанд төлөөлж, холбооны нэрийн өмнөөс улс, олон нийт, аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй гэрээ байгуулна.

г/ Гүйцэтгэх захиралтай удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс гэрээ байгуулж, дүгнэнэ.

4.4. Гүйцэтгэх захирал. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал хэрэгжүүлэх бөгөөд Ерөнхийлөгчийг эзгүйд холбооны үйл ажиллагааг удирдана. Гүйцэтгэх захирлыг Удирдах зөвлөлөөс 2 жилийн хугацаатай сонгоно.

4.4.1. Гүйцэтгэх захирал дараах бүрэн эрх эдлэнэ. Үүнд:

а/ Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд холбоог төлөөлж, холбооны хөрөнгийг захиран зарцуулна.

б/ Гүйцэтгэх захирлын эрх, хэмжээ, хариуцлага хүлээх үндэслэл, хөлс, урамшуулалын хэмжээг удирдах зөвлөлийг төлөөлж Ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирлын хооронд байгуулсан гэрээнд тусгана.

4.5. Хяналтын зөвлөл. Хяналтын зөвлөлийг холбооны чуулганаас нэр дэвшүүлж санал хураах замаар 3 гишүүнтэйгээр 2 жилийн хугацаагаар байгуулна. 4.5.1. Хяналтын зөвлөл дараах бүрэн эрх хэрэгжүүлнэ. Үүнд:

а/ Холбооны удирдах зөвлөлөөс гарах шийдвэрийн биелэлтийг хянана.

б/ Санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, чуулган, удирдах зөвлөлд жил бүр тайлан тавина.

в/ Гишүүдийн холбооны үйл ажиллагаатай холбоотой ёс зүй, дүрмийн зөрчлийг шалгаж зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.

Тав. МҮГХ-ны гишүүнчлэл

5.1. МҮГХ-ны гишүүнээр элсэхийг хүссэн хувь хүн, байгууллага элсэгчдийн хуудсыг бөглөж, гишүүнчлэлийн төлбөр төлнө. “МҮГ” холбоо нь хүндэт гишүүнтэй байна.

5.2. МҮГХ-нд элссэн гишүүн үнэмлэх, МҮГХ-ны дүрэм, холбооны тухай мэдээлэл, бусад материал авна.

5.3. Холбооны гишүүний эрх, үүрэг:

5.3.1. Чуулганд саналын эрхтэй оролцох эрх эдлэнэ.

5.3.2. Холбооноос зохиогдсон хурал, семинар, зөвлөгөөнд оролцох, мэдээлэл авах эрхтэй.

5.3.3. Мэргэжлийн болон бусад чиглэлээр сургууль, дамжаанд хамрагдан элсэхэд тодорхойлолт авах зэргээр дэмжлэг хүсэх эрхтэй.

5.3.4. Гишүүнээс татгалзах эрхтэй.

5.3.5. МҮГХ-ны нэр хүндийг өргөж, Холбооны дүрэм, удирдах байгууллагуудын шийдвэрийг хэрэгжүүлэхэд биечлэн оролцох үүрэгтэй.

5.3.6. Элсэлтийн ба жилийн татвараа хугацаанд нь төлөх үүрэгтэй.

5.3.7. Холбооны гишүүн байгууллага мэдээлэл авах, хамтын үйл ажиллагаанд тэргүүн ээлжинд оролцох давуу эрх эдлэнэ.

5.3.8. Хандивлагч гишүүн байгууллага, хувь хүмүүс холбоонд оруулсан хөрөнгийн хэмжээгээр холбооны үйлчилгээг авах, хамтын ажиллагаанд тэргүүн ээлжинд оролцох, хүмүүсээ мэргэжлийн сургалт, аялалд оролцуулах давуу эрх эдлэнэ.

Зургаа. МҮГХ-ны хөрөнгө, санхүү

6.1. Холбооны орлого нь гишүүдийн татвар, иргэд, байгууллагын хандив, үйл ажиллагаагаар олсон орлогоос (зөвлөмж, шүүмж бичих г.м.) тус тус бүрдэнэ. 6.2. Холбооны хөрөнгийг дүрэмд заасан зорилгоор хэрэгжүүлэхэд ашиглаж, захиран зарцуулна.

6.3. Холбооноос жил бүрийн нэгдүгээр улиралд хандивын хөрөнгийн ашиглалт, зарцуулалтын талаар гишүүд, хандивлагчдад тайлагнана.

6.4. Холбооны эрх бүхий албан тушаалтан Холбооны хөрөнгийг хувийн ашиг олох зорилгоор ашигласан, Холбоонд эд хөрөнгийн хохирол учруулсан бол түүнд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

6.5. Холбооны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Гүйцэтгэх захирал өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд эдэлнэ.

6.6. Холбооны эд хөрөнгө, санхүүгийн тайланг Холбооны жилийн тайланд хавсаргана.

Долоо. Холбоог татан буулгах, өөрчлөн байгуулах

7.1. Холбоог татан буулгах, өөрчлөн байгуулах асуудлыг Монгол Улсын иргэний хуулийн 31 ба 32 дугаар зүйл, төрийн бус байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Холбооны Чуулганы гишүүдийн 80 хувийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Энэ дүрмийг МҮГХ-г үүсгэн байгуулагчдын 2006 оны 12 дүгээр сарын 01-ны өдрийн хурлаар батлав.

МҮГХ-г үүсгэн байгуулагчдын хурлын Тэргүүлэгчид:

1. ______________________

А.Баясгалан 2. ______________________

Д.Энхбаатар 3. ______________________

Батаа 4. ______________________

Г.Пүрэвсүрэн 5._______________________

Э.Одонтуяа

Last modified on 2014 оны 4-р сарын 17, Пүрэв гариг, 05:46
Login to post comments

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо,

4-р гудамж,"Шинэ Дэлхий"

оффисын байр, 6 давхар

Нүүр хуудас