МҮГХ

Monday, Feb 19th

Last update04:45:52 AM

МОНГОЛЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛ-2014 Чуулга уулзалт 2014 оны 3-р сарын 20-23 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа

  • PDF

МОНГОЛЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛ-2014

Чуулга уулзалт 2014 оны 3-р сарын 20-23 ны өдрүүдэд

амжилттай зохион байгуулагдлаа


Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, МУИС-ийн ШУС-ийн Геологийн тэнхим, ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, Палеонтологийн төв, Монголын геологийн холбоо, Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо, Монгол улсын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикийн холбоо хамтран ээлжит “Монголын Геологи, Хайгуул-2014” 6 дахь удаагийн олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг 2014 оны 3 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар Монголын Геологийн холбоо ажилласан байна. Мөн чуулга уулзалтын үеэр “Геологийн зураглал, судалгааны аргачлал”, “Ашигт малтмалын хайгуулд структур геологийн арга хэрэглэх нь” сэдвээр сургалт, чуулга уулзалтын нэрэмжит Цэцээ гүний явган аялал зэрэг арга хэмжээ зохиогдлоо .

 

 

Энэхүү чуулга уулзалтын ивээн тэтгэгчээр дараах байгууллагууд оролцлоо. Үүнд:

- Платинум ивээн тэтгэгчээр МОНДУЛААН ТРЕЙД ХХК,

- Алтан Ивээн тэтгэгчээр RIO TINTO HOLDINGS LLC, SGS MONGOLIA LLC, HARANGA IRON LLC, EVERDIGM MONGOLIA LLC, ЭТҮГЭН ЭЕ ХХК, ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХК, ГОЛДЕН ХИЛЛ ХХК, ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ТӨҮГ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХК, СОД ГАЗАР ХХК, MONGOLIAN MINING CORPORATION,

- Энгийн ивээн тэтгэгчээр ГУРВАНТАЛСТ ХХК, G.E.S GEOLOGY SHOP, ЗОЛОТОН ХХК, AREVA MONGOL, ГЕОСАН ХХК, МАГМА МАЙНЗ ХХК, САПФИР ГЕО ХХК, PLUS MINERALS, ЭМ ЭМ ЭН СИ , DЕМОН ИНЖИНЭЙРИНГ, АМО ДИСКОВЕР ХХК, EMEELT MINES LLC, ALFRED H KNIGHT, ЭРЭЭН ЧУЛУУ ХХК, CENTERRA GOLD MONGOLIA LLC, ДАШМАГИНЖ ХХК, MoEnCo LLC, ДОРНОДЫН ХАЙГУУЛЧДЫН ХОЛБОО ТББ, ГАММАЛОГГИНГ ХХК, KINCORA COPPER, МОНКАРОТАЖ ХХК, ALS MONGOLIA, SRK CONSULTING, “ТАЛСТ ДӨЛ” ХХК, ГУРВАНСАЙХАН ХХК (DENISON MINES), ENTREE GOLD INC, “ЦАГДУУЛТАЙН УНДАРГА” ХХК, МАКС ГРУПП, GALAXY GEO MONGOLIA LLC, АЛТАЙН ХҮДЭР ХХК, ХӨВСГӨЛ ГЕОЛОГИ ХК, ТАНАН ИМПЕКС ХХК, ГЕО-ОРОН ХХК, ГЕО ТРЕЙД ХХК,

- Хувь хандивлагчаар геологич Б.Жанчив, Д Доржсүрэн, Н.Батбаатар, Б.Ганзориг зэрэг нийт 46 аж ауйн нэгж, байгууллага, хувь хүн оролцлоо.

- Хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчээр ХАЙГУУЛЫН МЭДЭЭ СЭТГҮҮЛ, COVER MONGOLIA, ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ СОНИН, ШУУРХАЙ ТВ ажиллалаа.

Чуулганд Монгол улсын эрдэс баялгийн салбарт геологийн судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 140 гаруй гадаад, дотоодын аж ахуйн нэгж, компанийн 1100 орчим зочид, төлөөлөгчид оролцов.

Чуулганы нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцон нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, өнгөрсөн чуулга уулзалтаас хойшхи хугацаанд Уул уурхайн яамнаас Монгол улсын эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэтгэлтэй холбоотой Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Алтны ил тод байдлын хуулиудыг нийт олноор хэлэлцүүлэн, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж тэдгээрийн саналыг тусган УИХ-аар батлуулснаа дурдан цаашид Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулга, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулиудын төслүүдийг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар ажиллаж буй талаар өгүүллээ. Мөн эрдэс баялгийн салбарын эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулахад өөрсдийн санал бодлоо илэрхийлэн нухацтай хэлэлцэж, ”долоо хэмжиж, нэг огтол, бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэсэн үзүүргүй сэтгэлээр оролцсонд талархал илэрхийлэн төр хувийн хэвшлийн түншлэл, хууль эрх зүйн тогтвортой байдал, байгаль орчны хамгаалал, орон нутгийн иргэдтэй харьцах харилцаа, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, Монголын үндэсний геологийн албыг байгуулах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй талаар өгүүлж, Уул уурхайн яам удахгүй Засгийн газраар хэлэлцүүлэх “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”- ийн төсөлд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс тогтоосон газарт олгох, геологи хайгуулын ажлыг зөвхөн мэргэжлийн байгууллага, мэргэшсэн, дадлага туршлага бүхий мэргэжилтнүүд гүйцэтгэдэг байх зэрэг эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Эцэст нь, сайд Д.Ганхуяг Монголын геологчид Та бүхний бүтээлч хөдөлмөрийн үр дүнгээр Монгол улс зарим төрлийн ашигт малтмалын нөөц, баялгаар дэлхийд дээгүүр жагсах болсныг тэмдэглэн 2014 онд багтан ашигт малтмалын ордын нөөц, баялгийг тайлагнах систем, ангиллыг боловсронгуй болгох үүднээс олон улсын CRIRSCO байгууллагын гишүүнээр албан ёсоор элсэх бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад байгааг онцлов.

Чуулга уулзалтын үндсэн илтгэлүүдийн хэсэгт геологи хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн чанар, тулгамдаж буй асуудлууд, геологийн судалгааны бүтэц, зохион байгуулалт, дотоод хяналт, шалгалт, Монгол улсын геологийн судалгааны бодлого, эрх зүй, цаашдын зорилт, Монголын Геологийн албаны бүтэц, үйл ажиллагаа, байгаль орчинд ээлтэй геологи хайгуул, цацраг идэвхит ашигт малтмалын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрсдэлд суурилсан хяналт шалгалт зэрэг сэдвээр УУЯ, АМГ-ын Геологийн алба, БОНХЯ, ЦЭГ, МХЕГ илтгэл тавьж хэлэлцүүлэв. Монгол орны геологи-стратиграфи, тектоник-магматизм, ашигт малтмалын нөөцийн ангилалын асуудал, ашигт малтмал-металлогени, эрэл-хайгуулын аргачлал зэрэг асуудлуудыг хөндсөн 36 илтгэл хэлэлцүүлэг явуулан эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлын үр дүнгээр “ХАЙГУУЛЧИН” сэтгүүл монгол хэлээр, Геосудлаач сэтгүүл англи хэлээр тус тус хэвлэгдсэн байна.

Геологийн судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг геологи хайгуул, геофизик, өрөмдлөг, геологийн судалгаа зөвлөгөө, үйлчилгээ, ханган нийлүүлэгч, эрдсийн судалгаа, шинжилгээний лабораториуд зэрэг 24 байгууллага аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа сурталчилан үзэсгэлэн гарган оролцов.

Жил бүрийн чуулга уулзалтаар “Монгол улсын Шилдэг хайгуулын баг” шалгаруулан өргөмжлөл гардуулдаг бөгөөд энэ жил уг арга хэмжээг илүү өргөтгөн Монгол улсын геологийн зураглалын шилдэг баг, Геологийн судалгааны ажлын шилдэг бүтээл шалгаруулахаар шийдвэрлэн нэр дэвшүүлж шалгаруулалтыг хийсэн байна. Энэ жилийн Монголын геологи хайгуул 2014 чуулга уулзалтын “Монгол улсын геологийн зураглалын шилдэг баг” өргөмжлөлийг Гурвансайханы талбайд 1:200 000 масштабын геологийн бүлэгчилсэн зураглалын ажлыг гүйцэтгэсэн үе үеийн 23 геологич багтсан Мөрөнгийн геологийн экспедицийн 11-р ангийн хамт олонд, “Монгол улсын Шилдэг хайгуулын баг” өргөмжлөлийг Чулуут Цагаан Дэл хайлуур жоншны ордын нөөц, баялгийг тогтоосон "Монгол-Чехословакметалл", “Интергео” нэгдэл, Чойрын геологи хайгуулын экспедиц зэргээс бүрдсэн 30 геологич бүхий хайгуулын багт, “Геологийн судалгааны ажлын шилдэг бүтээл” өргөмжлөлийг Монголын геологи ба ашигт малтмал 8 боть бүтээл туурвисан үе үеийн 54 геологич оролцсон багт олгосон байна.

Монгол орны геологи, ашигт малтмалын асуудлуудыг хөндсөн нийт 36 илтгэл хэлэлцүүлэг явуулснаас тэргүүн байранд Макс майнинг ХХК-ний геологич П.Батчулууны хэлэлцүүлсэн “Малтмалын зэс-цайрын орд нь экзотик гарал үүсэлтэй болох тухай” сэдэвт илтгэл, дэд байранд Энержи ресурс ХХК-ний геологич Б.Бямбаагийн “Нүүрсний ордын ашиглалтын геологийн асуудал, Ухаа худаг болон Баруун наран уурхай дахь жишээ” сэдэвт илтгэл, гуравдугаар байранд Мөнхийн вулкан ХХК-ний геологич С.Мөнхбадрахын хэлэлцүүлсэн “Баруун Эмтийн эпитермаль хүдэржилтэд геофизикийн аргыг хэрэглэсэн нь” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа. Тусгай байрт ГЭБХ-ийн доктор Г.Эрдэнэсайханы “Уянгын дүүргийн дунд палеозойн хувирмал вулканитуудын геохими, далайн плато болон нумын өврийн магматизм болох нь” сэдэвт илтгэл шалгарсан байна.

Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэнд 12 байгууллага, хувь хүн оролцлоо. Үүний дотор палеонтологи стратиграфийн үзэсгэлэн гарсан нь урьд өмнөхөөс илүү онцлогтой боллоо. Үзэсгэлэн дээжний уралдааны шагналыг “Geology shop” дэлгүүр ивээн тэтгэсэн болно. Үзэсгэлэн дээжний уралдааныг 3 номинацаар шалгаруулснаас Палеонтологийн номинацид ШУА- ийн Палеонтологийн төв болон ШУТИС-ийн ГГТС-ийн Геологийн багийн багш, доктор Г. Сэрсмаа нарын бэлтгэсэн үзэсгэлэнгийн дээжүүд өрсөлдөж Г. Сэрсмаагийн бэлтгэсэн “Дэлхийн Амьд ертөнцийн хөгжлийн түүх”, Хүдэр чулуулгийн номинацид нийт 6 байгууллага, компани өрсөлдсөнөөс “Эрдэнэ Монгол” компаний бэлтгэсэн” Алтан нар” төслийн дээжүүд, ховор содон дээж номинацид нийт 5 компани болон хувь хүний үзэсгэлэн оролцсоноос Д.Батчулууны бэлтгэсэн “Монголын чулуун урлал” үзэсгэлэнгийн дээж тус тус шалгарлаа.

Монгол улсад үндэсний Геологийн алба байгуулагдсаны 75 жилийн ойг угтсан ажлын хүрээнд түүхэн ховор зургуудаас бүрдсэн үзэсгэлэнг нийтийн хүртээл болгон толилуулснаас гадна уламжлал ёсоор “Монгол орны байгаль хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдаан явагдан 21 фото зураг өрсөлдсөнөөс “Ховор агшин” номинацид “Хурмаст тэнгэрийн цэнхэр сэжүүрт хулангийн унага босоо төрдөг” бүтээлээр Геотрэйд ХХК-ний геологич Д.Энхбаатар, байгалийн өвөрмөц тогтоц номинацид геологичдын отог, Отгонтэнгэр хайрхан тэнгэрт дүүлэх үүлэн хүлэг бүтээлүүдээрээ МагмаМайнз ХХК-ний геологич Э. Батмөнх нар шилдгээр шалгарсан байна.

Чуулга уулзалтын хүрээнд Канадын SRK компаний структурын мэргэшсэн геологич Иво Восын хийсэн “Ашигт малтмалын хайгуулд структур геологийн арга хэрэглэх нь” сэдэвт нэг өдрийн сургалтанд 46 геологич, доктор Ж.Бямба, Я.Ариунчимэг, зөвлөх геологич Ш.Лхүндэв, мэргэшсэн геологич Д.Баярдалай, Ч.Төмөрчөдөр, Б.Эрдэнэжаргал нарын “Геологийн зураглал, судалгааны аргачлал” сэдэвт нэг өдрийн сургалтанд 46 геологич хамрагдан сертификат гардлаа.

Монголын геологи хайгуул-2014 чуулга уулзалтанд оролцогчид уламжлал ёсоор Монгол төрийн бодлогод өөрийн салбарын онцлогийг ойлгуулан таниулж, зорилго үйл ажиллагаагаа нэгтгэх, эрчимжүүлэх талаар зөвлөмж гаргасан байна.

Монголын геологи хайгуул -2014 чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нийт хандивлагч байгууллагууд, хамтран ажилласан бусад байгууллага хамт олон, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хувь хүн, чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон ГЕОЛОГИЧ нартаа эрүүл энх, аз жаргал, олз омгоор дүүрэн байхын ерөөл өргөн, ажилд нь амжилт хүсье.

ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨЛ

2014 оны 03 дугаар сарын 24

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо,

4-р гудамж,"Шинэ Дэлхий"

оффисын байр, 6 давхар

Нүүр хуудас